Бүгд Найрамдах Солонгос Улсын Кённамын их сургуульд БНХАУ, Индонез, Монгол, Вьетнам болон БНСУ-ын төлөөлөгчид оролцсон “5 улсын хамтын ажиллагааны хурал” амжилттай зохион байгуулагдлаа.
Кённамын их сургуулийн RISE төв болон Олон улсын хамтын ажиллагааны алба-наас санаачлан зохион байгуулсан энэхүү хурал нь олон улсын боловсролын байгууллагуудын хооронд оюутан солилцоо, сургалтын хөтөлбөрийн уялдаа холбоо, инноваци, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Хурлын нээлтийн үеэр оролцогч таван улсын төлөөлөгчид олон улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн боломж, хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, компьютер инженерчлэл, мэдээллийн технологи, инноваци, стартап экосистем зэрэг чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Энэхүү уулзалт нь улс орнуудын хоорондын найрсаг харилцаа, итгэлцлийг гүнзгийрүүлж, цаашдын хамтарсан хөтөлбөрүүдийн суурийг тавьсан чухал үйл явдал боллоо.
Хуралд Монгол Улсаас Өвөрхангай аймгийн Боловсролын газар болон Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн төлөөлөл оролцож, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр албан уулзалтуудыг зохион байгууллаа.
Монгол Улсын боловсролын салбар болон Политехник коллежийн хамт олны өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, энэхүү олон улсын арга хэмжээнд урьж оролцуулсан Кённамын их сургуульд гүн талархал илэрхийллээ.
Мөн БНХАУ, Индонез, Филиппин зэрэг найрсаг орны төлөөлөгчдөд амжилт хүсэн ерөөв.
Тэрээр Кённамын их сургууль болон Өвөрхангай Политехник коллежийн хамтын ажиллагаа гурав дахь жилдээ амжилттай үргэлжилж буйг онцлон тэмдэглэж, технологийн эрчимтэй хөгжлийн энэ үед олон улсын түвшний мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх нь хоёр байгууллагын хамтын зорилго болохыг дурдав.
Мөн сургалтын хөтөлбөрийн интеграц, эрх зүйн болон соёлын онцлогийг уялдуулах чиглэлээр хоёр сургуулийн хамт олон олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж ирсэн нь хамтын ажиллагааны бодит ахиц дэвшлийг илэрхийлж байгааг онцоллоо.
Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь дараах боломжуудыг бүрдүүлж буйг тэмдэглэв. Үүнд:
Инновацийн тэргүүлэх чиглэлүүдийг судлах – хиймэл оюун ухаан (AI), Big Data, стартап экосистем, биотехнологи, сансар судлал, семикондуктор зэрэг салбарт шинэ мэдлэг эзэмших
Түншлэл, интеграцийн шилдэг туршлагаас суралцах
Тогтвортой хөгжлийн чиг хандлагыг судлах
Олон улсын соёлын солилцоог гүнзгийрүүлэх
Хамтын ажиллагааны ирээдүйг бататгах – Монгол залуус Кённамын их сургуульд суралцах боломж улам өргөжих
Ийнхүү хоёр байгууллагын хамтын ажиллагаа жилээс жилд улам батжин, бүс нутгийн боловсролын чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.