Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн суралцагчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Кённамын их сургуульд мэдээллийн технологийн чиглэлээр 2+1+1 хөтөлбөрөөр суралцах боломжтой боллоо.
Энэхүү хөтөлбөр нь суралцагчид коллеждоо хоёр жил суралцсаны дараа Кённамын их сургуульд үргэлжлүүлэн хоёр жил суралцаж, бакалаврын зэрэг эзэмших боломжтой олон улсын хамтарсан хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн хүрээнд тус коллежийн багш нар Кённамын их сургуулийн сургалтын анги танхим, лаборатори, судалгааны орчинтой танилцаж, мэдээллийн технологийн тэнхмийн профессор, багш нартай сургалтын агуулга, кредитийн тохиргоо, сургалтын уялдаа холбооны талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэн туршлага солилцлоо.
Мөн сургалтын шинэчлэл, инновац, практикт суурилсан сургалтын аргачлалын талаар хэрэгжүүлж буй бодит жишээнүүдтэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойллоо.
Ийнхүү хоёр сургуулийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч, Монголын оюутан залууст олон улсын түвшний боловсрол эзэмших шинэ боломж нээгдэж байна.