Түр хүлээнэ үү...

Магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг урьдчилсан дүгнэлт, үнэлгээг танилцууллаа

Магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг урьдчилсан дүгнэлт, үнэлгээг танилцууллаа

Европын Холбооны Үндэстэн дамнасан Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Холбоо (ATHEA) болон Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн хамтарсан үндэсний болон олон улсын шинжээчдийн баг 2026 оны 5 дугаар сарын 11–12-ны өдрүүдэд сургуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийж, урьдчилсан дүгнэлт, зөвлөмжөө танилцууллаа.

Энэхүү магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа нь Европын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын ESG стандартыг орон нутагт нутагшуулах, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд боловсролын чанар, удирдлага, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шинжээчдийн баг хоёр өдрийн хугацаанд байгууллагын удирдлагын манлайлал, засаглал, менежмент, сургалтын орчин, материаллаг бааз, сургалтын чанар, хүртээмж, суралцагчдад үзүүлж буй дэмжлэг үйлчилгээ зэрэг чиглэлээр олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтийн дагуу иж бүрэн үнэлгээ хийж, холбогдох баримт бичиг, нотлох материалтай танилцсан байна.

Урьдчилсан дүгнэлтээр байгууллагын үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход чиглэсэн сайжруулалтын санал, цаашдын хөгжлийн үнэт зөвлөмжүүдийг өгч, чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх боломжуудыг онцлон тэмдэглэлээ.

Шинжээчдийн эцсийн үнэлгээ, шийдвэрийг ATHEA байгууллагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлах бөгөөд энэхүү үйл явц нь сургалтын байгууллагын үйл ажиллагааг олон улсын түвшинд үнэлэн баталгаажуулах чухал алхам болох юм.

Сургуулийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд хамтран ажилласан ATHEA олон улсын байгууллагын шинжээчдийн баг, БМИҮЗ-ийн зохицуулагч болон шинжээчид, ажил олгогчид, түнш байгууллагууд, төгсөгчид, суралцагчид, дэмжин ажилласан Боловсролын ерөнхий газар, Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл болон нэгэн зорилгын төлөө хамтран ажилласан нийт багш, ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ТЕХНИК МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, ХӨГЖЛИЙН МАСТЕР ТҮЛХҮҮР