Боловсролын Ерөнхий газар болон Монгол Улсын Их Сургуулийн Англи хэлний мэргэшлийн төв (COEE)-өөс хамтран зохион байгуулсан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын англи хэлний багш нарыг чадавхжуулах үе шаттай сургалтын үр дүнг нэгтгэн дүгнэсэн заах арга зүйн улсын уралдаанд Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн англи хэлний багш С.Болорзэс амжилттай оролцож, “Багаар хичээл заах” төрөлд Тэргүүн байр эзэллээ.
Тус уралдаанд Увс, Ховд, Архангай, Дархан-Уул, Говьсүмбэр аймаг болон Улаанбаатар хотын 30 гаруй мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын англи хэлний багш нар оролцож, таван багт хуваагдан өрсөлдсөн байна.
Оролцогч багууд өгөгдсөн сэдвийн хүрээнд хичээлээ удирдамжийн дагуу жүжигчилсэн тоглолтын хэлбэрээр боловсруулан танилцуулж, орчин үеийн заах арга зүй, дэвшилтэт технологийг ашиглан англи хэл дээр бүтээлчээр заах ур чадвар, арга зүйн шинэчлэлээ харууллаа.
Энэхүү амжилт нь багшийн мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжлийн үр дүн бөгөөд боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг нь үнэлсэн өндөр амжилт юм.
С.Болорзэс багшдаа цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.